📜 Амлалт
Засгийн газар юу хийнэ гэж амласан бэ?
Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт (2024 оны 8-р сарын 27). Зорилт бүрийг эх текстээр нь, хөтөлбөрийн өөрийн дугаарлалтаар харуулав.
- зорилт
- 620
- зорилт
- нь тоон хэмжүүртэй
- 57
- нь тоон хэмжүүртэй
- мега төсөл
- 14
- мега төсөл
- чиглэл
- 16
- чиглэл
14 мега төсөл
1.Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина.
Тус төслийг хэрэгжүүлснээр нийт экспортын хүчин чадал 40 сая тонноор буюу Гашуунсухайт-Ганцмод боомт 20 сая тонн, Ханги-Мандал боомт 10 сая тонн, Шивээхүрэн-Сэхээ боомт 10 сая тонноор нэмэгдэж, экспортын орлого 2 дахин, төмөр замаар нүүрс экспортлох хүчин чадал 3 дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал 2 дахин нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ.
2.Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцыг барина.
Тус төслийг хэрэгжүүлснээр жилд 3150.0 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Оюутолгойн өсөн нэмэгдэх 2242.5 сая кВт.ц хэрэглээ болон Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүс нутгийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломж бүрдэнэ. “Оюутолгой” ХХК-ийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортолж байгаа 110-120 сая ам.долларын валютын төлбөрийг хэмнэнэ. Барилга угсралтын явцад давхардсан тоогоор 2000, ашиглалтад орсноор 300 байнгын ажлын байр шинээр бий болно.
3.Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ.
Тус төслийг хэрэгжүүлснээр жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ба баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2027 оноос эхлэн 100 хувь найдвартай, тасралтгүй хангах боломж бүрдэж, 52000 ахуйн хэрэглэгчийг хангах эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болж, баруун аймгуудын 4430 аж ахуйн нэгж, 5400 орон сууц, 36000 гаруй гэр хорооллын хэрэглэгчийг дотоодын цахилгаан эрчим хүчээр бүрэн хангана. Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас жил бүр импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчний төлбөрийн 17.5 тэрбум төгрөгийг хэмнэнэ.
4.Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станцыг барина.
Тус төслийг хэрэгжүүлснээр эрчим хүчний системийн найдвартай, тогтвортой, шуурхай ажиллагааг хангаж, системийн эх үүсвэрийн зохистой харьцааг бүрдүүлнэ. Оросын Холбооны Улсад жил бүр төлдөг 25 сая ам.долларын импортын төлбөрийг хэмнэнэ. Түүхий нүүрсний хэрэглээг жил бүр 438.7 мянган тонноор, хүлэмжийн хийн ялгаруулалтыг 709 мянган тонноор бууруулна. 5.7 тэрбум шоо метр цэвэр усны нөөц бүрдүүлж, Монгол Улсын усан хангамжийн аюулгүй байдлыг хангана.
5.Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлнэ.
Монгол Улс нь судалгаагаар 2600 ГВт сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй болох нь тогтоогдсон бөгөөд шинээр эх үүсвэрүүдийг бий болгох замаар өсөн нэмэгдэж байгаа дотоодын цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөх, бусад улс руу экспортлох боломжтой. Сэргээгдэх эрчим хүчний салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх боломж бүрдэж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нүүрс хүчлийн хийн арилжаанд оролцож, нэмэлт орлого олох боломж нээгдэнэ.
6.Орхон-Онги, Хэрлэн-Тоонот ус дамжуулах хоолойг барих төслийг хэрэгжүүлнэ.
Хэрлэн голын олон жилийн дундаж урсцын 5-9%-ийг битүү хоолойгоор дамжуулан Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн хүн ам, мал аж ахуй, үйлдвэр, уул уурхайн усны хэрэгцээг бүрэн хангана. Жилдээ 30 мянган тонн хүлэмжийн хийг бууруулна. “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд усны асуудлыг шийдвэрлэж, цөлжилт, хуурайшилтыг сааруулна. Онги гол болон Улаан нуурыг сэргээж, усны түвшин тогтворжиж, Онги голын дагууд оршин сууж байгаа 29.2 мянган хүн ам, 230 гаруй мянган толгой мал сүргийг гадаргын усаар хангах нөхцөл бүрдэнэ. Агаар, хөрсний чийгшил, газрын доорх усны тэжээгдэл нэмэгдэж, нуурын орчны бүсийн экосистем, биологийн олон янз байдал сэргэж, хөрсний элэгдэл эвдрэлд орох нөхцөл багасаж, цөлжилтийг бууруулна.
7.Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замыг барина.
Тус төслийг хэрэгжүүлснээр худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, тээврийн зардлыг бууруулна.
8.Монгол, Францын хамтарсан Ураны төслийг хэрэгжүүлнэ.
Төсөл хэрэгжиж, үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 2500 тонн ураныг олборлож экспортолно. Төсөл хэрэгжих хугацаанд улсын болон орон нутгийн төсөвт 1 тэрбум гаруй ам.долларын татвар төлнө. Үйлдвэрлэлийн туршилтын төсөл дээр үндсэн үйлдвэрлэлийн олборлолт эхлэхэд 1000 гаруй ажлын байр бий болно. Улс, орон нутгийн хэмжээнд томоохон худалдан авалт, бизнесийн боломж нэмэгдэнэ. Монгол Улсад атомын цахилгаан станцыг барих суурь судалгааг хийнэ.
9.Нүүрс-хими, Кокс-химийн цогцолборыг ашиглалтад оруулна.
Тус төслийг хэрэгжүүлснээр нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, боловсруулах үйлдвэрлэлийг нэг шат ахиулснаар экспортын орлогыг нэмэгдүүлэх, олон улсын түүхийн эдийн үнээс хараат байдлыг бууруулах боломж бүрдэнэ. Кокс-химийн үйлдвэрийн нүүрс баяжуулах үйлдвэрийн 1 дүгээр шатанд 10 сая тонн коксжих нүүрсийг угааж, 5.4 сая тонн баяжуулсан нүүрс, 3 сая тонн завсрын бүтээгдэхүүн /мидлинг/ үйлдвэрлэнэ. 2.7 сая тонн баяжуулсан нүүрсийг боловсруулж, 2 сая тонн хатуу кокс, 107 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Дотоодын хэрэглээнээс илүү гарсан 1.5 сая тонн коксын бүтээгдэхүүнийг экспортолно. “Алтанширээт” үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулснаар 140 га талбайд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, төмрийн хүдрийн хорголжийн зэрэг дагалдах үйлдвэрүүд бүхий жилд 500 мянган тонн ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орно.
10.Зэс боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулна.
Тус төслийг хэрэгжүүлснээр жилд 560 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 125 мянган тонн катодын зэс, 72 кг алт, 38.2 тонн мөнгөн гулдмай болон 182 мянган тонн элементийн хүхэр үйлдвэрлэж, 1.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлогыг бүрдүүлнэ. Катодын зэсийн үйлдвэр нь дотоодын зэс утас, кабель, цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэх салбарыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр үзүүлнэ. Үйлдвэрээс гарган авах 182 мянган тонн элементийн хүхэр нь химийн болон бордооны үйлдвэрлэлд өргөн ашиглагдах тул нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг нэмэгдүүлнэ.
11.Гангийн цогцолборыг ашиглалтад оруулна.
Тус төслийг хэрэгжүүлснээр дотоодын тасралтгүй нэмэгдэж байгаа ган арматур болон бусад ган бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо бүрэн хангах зорилтын хүрээнд 1.0 сая тонн ган бэлдэц, бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Гангийн үйлдвэрийг ашиглалтад оруулж эхний ээлжид 500 мянган тонн ширэм, 500 мянган тонн ган бэлдэц үйлдвэрлэж, ган бэлдцээс барилгын арматур, булан төмөр, төмөр утас зэрэг ган бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дотоодын барилгын арматурын хэрэгцээг бүрэн хангана.
12.Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулна.
Тус төслийг хэрэгжүүлснээр жилд 1.5 сая тонн түүхий тосноос 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг бүрэн хангах, импортын хараат байдлыг бууруулах, шатахууны үнийг бие даан, уян хатан зохицуулах боломж бүрдэнэ.
13.Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлнэ.
Тус төсөл хэрэгжсэнээр жилд гадаад орны алт цэвэршүүлэх үйлдвэрт цэвэршүүлж, мөнгөжүүлдэг алтны 70 хувийг дотооддоо цэвэршүүлэх боломж бүрдэнэ. Баяжуулсан алтны хувийг нэмэгдүүлж, олон улсын зах зээлд борлуулж, валютын орлогыг нэмэгдүүлэх боломжтой. Монгол Улс алтаа одоог хүртэл гадаадад цэвэршүүлж байгаа бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноор үүнтэй холбогдон гарах тээвэр, даатгал, хамгаалалтын зардлыг хэмнэнэ.
14.Үндэсний хиймэл дагуулыг хөөргөнө.
Монгол орны нийт газар нутгийн 26.8 хувьд 4G сүлжээ нэвтэрсэн. Үлдсэн 73.2 хувь буюу орон нутгийн иргэд, малчин айл өрхийг шилэн кабелиар интернэт сүлжээнд холбоход шаардлагатай 29.0 их наяд төгрөгийг хэмнэж, улс орны өнцөг булан бүрд интернэтийн сүлжээ нэвтэрнэ. Байгалийн гамшиг, гэнэтийн аюул, ослын үед газрын сүлжээнд саад, доголдол гарсан тохиолдолд сансрын холбооны сүлжээ нь найдвартай холбооны сүлжээ болно.
1. Бүсчилсэн хөгжлийн бодлого
Бүс нутагт амьдрахад таатай нөхцөлийг бий болгох, хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, иргэдэд таатай, эрүүл, аюулгүй, байгаль орчинд ээлтэй дэд бүтэц бүхий хотуудыг хөгжүүлнэ.
2. Хүний хөгжлийн бодлого
Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг баримтлан хөгжих, суралцах, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлж, чинээлэг, баялагтаа эзэн, эрдэм боловсролтой, эрүүл монгол хүнийг хөгжүүлнэ.
3. Эдийн засгийн бодлого
Зах зээл дэх төрийн оролцоог бууруулж, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулан, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, олон тулгуурт, хүртээмжтэй, экспортын баримжаатай эдийн засгийг бэхжүүлнэ. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чадамж бүхий ногоон хөгжлийг цогцлооно.
4. Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого
Төрийн үйлчилгээг цахимжуулж, үр ашиг, хүртээмж, ил тод байдлыг нэмэгдүүлэн, чадварлаг, ухаалаг төрийн албыг төлөвшүүлж, хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй төрийн бодлогыг хэрэгжүүлнэ. Монгол үндэсний үнэлэмжийг нэмэгдүүлж, эх оронч сэтгэлгээг бий болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлж, гадаад бодлогын нээлттэй, олон тулгуурт зарчмыг баримтална.
Эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт (Word файл), 2026-10-25-нд татсан.