📜 Амлалт · 2. Хүний хөгжлийн бодлого
41 зорилт, 0 нь тоон хэмжүүртэй. Текстийг өөрчлөлтгүй авсан (эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт); хэрэгжилтийг бид дүгнэхгүй.
Дижитал шилжилт, технологийн өөрчлөлт, шинэчлэлийн сорилтыг даван туулах чадвартай, монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч хүмүүжлийг олгох боловсролын үндэсний хөтөлбөрийг хөгжүүлнэ.
Шинжлэх ухаанч сэтгэлгээ, зөөлөн ур чадвар, асуудалд суурилсан шүүмжлэн эргэцүүлэх чадамжтай, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, хариуцлагатай гэр бүлийн гишүүн байх дэлхийн монгол иргэнийг бэлтгэх боловсролын тогтолцоог бэхжүүлнэ.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг их өгөгдөлд суурилан тооцоолж, шаардлагатай хүний нөөцийг бэлтгэнэ.
Боловсролд бүх хүүхэд, залуучуудыг тэгш хамруулах зарчмыг баримталж, ялгаатай хэрэгцээтэй хүүхэд, залуучуудыг хамруулсан, тэдний гэр бүл, орон нутгийн онцлог байдалд нийцсэн, тохируулгат орчин, дэд бүтэцтэй, хувилбартай, гэрийн сургалттай боловсролын үйлчилгээг бүх түвшинд бий болгоно.
Хот, суурин газрын сургууль, цэцэрлэгийн бүлэг дүүргэлтийг стандартын түвшинд хүргэх “Нэг ээлж, цөөн хүүхэдтэй анги”, “Гэрт ойр сургууль/цэцэрлэг-хамгийн сайн сургууль/цэцэрлэг” арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Хот, хөдөөгийн болон нийгэм, эдийн засгийн хувьд ялгаатай бүлгийн хүүхэд, залуучуудын боловсролын чанарын ялгааг арилгаж, малчин эцэг, эх, асран хамгаалагчийн дэргэд бага боловсрол эзэмших боломжийг бүрдүүлнэ.
Хүүхдийн тооны өсөлт, ахлах сургуулийн төрөлжилт, сургалтын байгууллагыг цогцолбороор хөгжүүлэхтэй уялдуулан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийг өргөтгөж, шинээр барина. Сургууль, цэцэрлэгийн барилгын гамшиг, газар хөдлөлт, эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартыг хангасан ижил загварын зурагтай болно.
Хүүхэд харах үйлчилгээний хүрээнд нялх, балчир насны /2 хүртэл/ хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээг төр, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж, 1-2 насны хүүхдийн яслийн үйлчилгээний хувилбарыг бий болгоно.
Сургуулийн өмнөх боловсролыг академик мэдлэг олгоход бус хүүхдийг сургуульд бэлтгэх, зөв хүмүүжлийн хандлага төлөвшүүлэх, зөв хооллолт болон өөрийгөө арчилж чаддаг чадварт сургахад чиглүүлнэ.
Ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар ангиас эхлэн англи хэл, кодчилол, роботик болон хиймэл оюуны ур чадварыг хөгжүүлэх сургалтыг нэвтрүүлнэ. Бүх түвшинд англи хэлний сургалтын чанарыг сайжруулж, ахлах сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын сургалтын байгууллагад зарим хичээлийг англи хэлээр заах боломжийг бүрдүүлнэ.
Дунд, ахлах сургуулийн боловсролын агуулгыг дэлхийн ирээдүйн хөгжлийн чиг баримжаанд нийцүүлж, өндөр технологи, байгаль орчин, сансар судлалын мэдлэг, мэдээллээр баяжуулан сургалтын хөтөлбөрийг шинэчилнэ.
Албан боловсролын сургалтад хамрагдах боломжгүй суралцагчдад зориулсан алтернатив сургалтыг хэрэгжүүлэх “Боловсролын чөлөөт бүс” бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Цахим сургалтын байгууллагыг байгуулж, суралцагчийн эзэмшсэн мэдлэг, ур чадварыг албан боловсролын сургалтад дүйцүүлэн дэвшин суралцаж, төгсөх боломжийг бүрдүүлнэ.
Сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн үндэсний тогтолцоог бий болгоно.
Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны зардлыг хувьсах зардлаар санхүүжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, шаардлагатай шим тэжээлийн хэмжээ, инфляцын түвшинтэй уялдуулан тухай бүр нэмэгдүүлнэ.
Бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын дотуур байрны хүртээмж, орчин, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүний эрхэд ээлтэй дотуур байрыг бий болгоно.
Боловсролын хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар нэмэгдүүлж, төсвийг Тогтвортой хөгжлийн зорилгын зорилтот түвшинд хүргэж, эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
Боловсролын даатгалын тогтолцоог бий болгон хөгжүүлж, эрсдэлээс хамгаална.
Боловсролыг дэмжих сангийн эрх зүйн орчныг шинэчилж, сангийн санхүүжилт, хөрөнгө оруулалт, тайлан, боловсролын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг ил тод болгон цахимжуулж, хяналтыг тогтмолжуулна.
Мэргэжлийн ур чадвартай ажилтан, мэргэжилтнийг ахлах сургуулиас эхлэн бэлтгэнэ.
Боловсролын эрс хувирган өөрчлөлтийн туршилт, судалгааны “Боловсрол XXI” төслийг сонгогдсон 5 хүртэлх ерөнхий боловсролын сургууль дээр тусгай нөхцөлтэйгөөр хэрэгжүүлнэ.
Суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжааг олгож, мэргэжлийн эрх олгох, сонгох боломжтой төрөлжсөн ахлах сургуулийг аймаг, дүүрэг бүрд байгуулна.
Төрийн өмчийн зарим их сургууль, политехник коллежийг түшиглэн техникийн болон дээд боловсролын шаталсан тогтолцоо бүхий сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор их сургууль, төрөлжсөн коллежийг бүсүүдэд хотхон хэлбэрээр хөгжүүлнэ.
Дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн хувийг эрэлттэй нийцүүлж, элсэлтийн шалгалтын босго оноог нэмэгдүүлж, элсэгчийн чанарыг сайжруулна.
Эдийн засгийн тэргүүлэх чиглэл, орон нутгийн хөгжлийн зорилттой уялдуулан мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг ажил олгогчийн шаардлага болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, иргэдийг ажиллангаа суралцах, суралцангаа хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэн, хосмог ажлын байрны сургалтыг нэвтрүүлнэ.
Төрийн өмчийн их сургуулиудыг сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болгон хөгжүүлж, академик эрх чөлөөг ханган, инновацын экосистемийг бүрдүүлнэ.
“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.
Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгаж, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг мэдлэг, чадвар, ажлын гүйцэтгэл, туршлагад нь үндэслэн сонгон шалгаруулж томилно.
Хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэх, бүс, орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан 5 жилийн сургалттай КООСЭН сургалтыг коллежийг түшиглэн нэвтрүүлнэ.
Суралцагчдад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр суралцах, дараагийн түвшний сургалтад кредит шилжүүлэн сурах, зарим мэргэжлийн дээд боловсролын сургалтын байгууллагыг 3 жилд төгсөх боломжийг олгох зорилгоор мэргэжлийн эрхтэй ахлах сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, технологийн коллеж, их сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлнэ.
Монгол Улсын их, дээд сургуулиуд дэлхийн шилдэг их сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, гадаадын нэр хүнд бүхий судлаач, эрдэмтдийг урьж ажиллуулах, оюутнуудыг гадаад улсад зуны сургалтад хамруулах бодлого хэрэгжүүлнэ.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийг үдийн сүүгээр хангах “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Багшийн чанар, үнэлэмж, гүйцэтгэл, менежментийг сайжруулах “Сайн багшийг таны дэргэд” цогц арга хэмжээг Багшийн гурван тулгуурт бодлогын хүрээнд хэрэгжүүлнэ.
Багшийн мэргэжил дээшлүүлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэн, багшлах эрх олгох хялбаршуулсан сургалтын зохицуулалтыг бий болгож, багш бус мэргэжилтэй шилдэг боловсон хүчнийг багшаар бэлтгэх замаар хүний нөөцийн чадавхыг сайжруулж, багшийн хомстлыг бууруулна.
Багшийн хөдөлмөрийн бүтээмжийг бодитоор үнэлж, багш, ажилчдын цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээг төсөв, мөнгөний бодлоготой уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлж, улсын дундаж хэмжээнд хүргэж, нийгмийн баталгааг хангана.
Багшлах хүний нөөцийг чадавхжуулж, цэцэрлэгийн 10000 багш, бага ангийн 2000 багш, ерөнхий боловсролын сургуулийн 11000 багш, англи хэлний 2000 багш, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 2000 багшийг гадаад, дотоодод бэлтгэнэ.
Боловсролын бодлого, санхүүжилт, хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд хүн ам, орон зай, их өгөгдөлд тулгуурласан хиймэл оюун ухааныг ашиглах замаар үр ашиг, оновчтой байдлыг сайжруулна.
Боловсрол сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи нэвтрүүлж, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан контент, сургалтын сан, платформ, мэдээллийн технологийн хөтөлбөр, агуулгыг боловсруулж, хиймэл оюунд суурилсан цахим сурах бичгийг хөгжүүлж, хүүхэд бүрд цахим төхөөрөмж олгоно.
Иргэдэд насан туршдаа суралцах тэгш боломжийг бүрдүүлж, нээлттэй боловсролын тогтолцоог хөгжүүлж, хүн бүрд орон зай, цаг хугацаанаас үл хамааран суралцах, боловсрол эзэмших тэгш хүртээмжтэй сургалтын контент, мэдээллийн системийг нэвтрүүлж, ур чадвар, чадамжийг дэмжсэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, гэрчилгээ олгох, микро кредитийн сургалтыг холбогдох талуудтай хамтран хэрэгжүүлнэ.
Хүүхэд, залуучуудыг сургалтын байгууллагын орчинд цахим эрсдэлээс хамгаалах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр стандарт боловсруулж, мөрдөнө.
Сургалтын байгууллагын интернэтийн дэд бүтцийг сайжруулах, хүүхэд бүрийг компьютерээр хангах санхүүгийн түрээсийн системийг нэвтрүүлнэ.
Эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт.
Хаан банк