📜 Амлалт · 2. Хүний хөгжлийн бодлого
18 зорилт, 0 нь тоон хэмжүүртэй. Текстийг өөрчлөлтгүй авсан (эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт); хэрэгжилтийг бид дүгнэхгүй.
Эрүүл амьдралын хэв маяг, урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийг дэмжсэн нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлж, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааныг бууруулах, эрүүл мэндэд эрсдэл үүсгэж байгаа хүчин зүйлс, архи, тамхины хэрэглээг бууруулж, гар утсанд суурилсан стратегийн тусламжтайгаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хооллолтыг дэмжинэ.
“Эрүүл шүд”, “Хорт хавдраас сэргийлэх, хянах”, зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс сэргийлэх “Эрүүл Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэн, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлнэ.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх дэд төвийг бүс бүрд байгуулна.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, орон нутгийн нэгдсэн эмнэлгийн чадавхыг бэхжүүлж, зарим тусламж, үйлчилгээний төвүүдийг төрөлжүүлэн байгуулна. /Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв, Хавдар судлалын үндэсний төв-II, Халдварт өвчин судлалын үндэсний төв-II, Зүрх судасны үндэсний төв/.
Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх тогтолцоог бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, зарцуулалтыг оновчтой болгон, иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад төлөх төлбөрийн хэмжээг бууруулна.
Маш цөөн хийгддэг, өндөр зардалтай тусламж, үйлчилгээг гадаад улсын эмнэлэгтэй хамтын гэрээ байгуулж, тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлж, уламжлалт эмийн үйлдвэрлэлийг олон улсын түвшинд хүргэн, экспортод гарах гарцыг нэмэгдүүлнэ.
Иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран авах боломжийг нэмэгдүүлж, цахим эрүүл мэндийн дэвшилтэт технологи телемедицин, хиймэл оюун ухааныг эмчилгээ, оношилгоо, хяналтад нэвтрүүлнэ.
Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санг олон улсын стандартын дагуу бүрдүүлж, их өгөгдөл үүсгэнэ.
Сэргээн засах тусламж, үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэдэд урт болон богино хугацаагаар, цогц байдлаар, нотолгоонд суурилсан тусламж, үйлчилгээг үзүүлж, чанар, аюулгүй байдлыг хангана.
Олон улсын зохистой дадал, стандартыг бүрэн нэвтрүүлж, эм, эмнэлгийн хэрэгслийн салбар дундын мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, эмийн импортыг бүрэн цахимжуулна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн чанарыг хянах лабораторийг үндэсний түвшинд бэхжүүлэх, дотоодын эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийг олон улсын түвшинд хүргэж, экспортод гаргах боломжийг нэмэгдүүлнэ.
Эмийн худалдан авалтад үнийн хэлцэл хийх, олон улсын байгууллагаар дамжуулан худалдан авах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсаас эм, эмнэлгийн хэрэгсэл шууд худалдан авах тогтолцоог бүрдүүлнэ.
Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх зорилгоор шинэ, дэвшилтэт технологи, арга, аргачлал нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, сургах, гадаадын ур чадвар бүхий мэргэжлийн багийг эх орондоо урьж, туршлага солилцуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулийн сургалтын чанарыг олон улсын жишигт нийцүүлнэ. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллах эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, сувилагчийг түлхүү бэлтгэнэ.
Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг сайжруулж, алслагдсан орон нутагт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд олгох төрийн дэмжлэг, хөнгөлөлт, урамшууллыг нэмэгдүүлнэ.
Эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт.
Хаан банк