📜 Амлалт · 4. Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого
19 зорилт, 0 нь тоон хэмжүүртэй. Текстийг өөрчлөлтгүй авсан (эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт); хэрэгжилтийг бид дүгнэхгүй.
Төрийн бүх үйлчилгээг хиймэл оюуны тусламжтайгаар хүсэлт шийдвэрлэх чадавх бүхий “Ухаалаг E-Mongolia” системийг хөгжүүлнэ.
Үндэсний баялгийн сангийн 1-ээс доошгүй хувийг инновац, технологийн салбарт зориулж, эдийн засгийн салбаруудын бүтээмж, экспортын хэмжээг нэмэгдүүлнэ.
Мэдээлэл, харилцаа холбоо, хиймэл оюун ухаан, шинэ технологийг уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, эрчим хүч, зам, тээвэр, логистик, эрүүл мэнд, хөдөө аж ахуй болон бусад салбарт өргөнөөр нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлнэ.
Төрөөс иргэн, бизнест үзүүлж байгаа үйлчилгээнүүдэд процессын шинжилгээ хийж бүрэн цахимжуулах, хиймэл оюун ухааныг ашиглах, автоматжуулах боломжийг тодорхойлж, үйлчилгээ авах хугацаа болон үе шатыг 2 дахин бууруулна.
Иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгө, төрийн өмчийн бүртгэл, газрын хэвлийн баялаг болон газар дээрх баялгийн бүртгэлийг блокчейн технологийг ашиглан гүйцэтгэх боломжийг бүрдүүлнэ.
Засгийн газрын тусгай сангуудын санхүүжилт, сонгон шалгаруулалтыг цахимжуулж ил тод болгоно.
Үндэсний хиймэл дагуул хөөргөж, нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгчдийг дэмжинэ.
Мэдээллийн технологи, харилцаа холбооны хамрах хүрээг өргөжүүлж, орон нутагт өндөр хурдны интернэтийн сүлжээг хүртээмжтэй болгож, интернэтийн орон нутгийн тарифыг эрс бууруулж, Улаанбаатар хотын тарифтай ойртуулж, төрийн үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай авах боломжийг бүрдүүлнэ.
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих татварын хөнгөлөлттэй виртуал бүсийг байгуулж, “венч” зэрэг хөрөнгө оруулалтын тогтолцоог хөгжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийтийн мэдээллийн системүүдийг хөгжүүлнэ.
Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, үүлэн тооцоолуур, блокчейн, юмсын интернэтийг төрийн үйл ажиллагаа, үйлчилгээнд хэрэглэж болох чиглэлүүдийг тодорхойлж, судалгааны ажлуудыг санхүүжүүлж, үе шаттай туршилтын төслүүдийг эхлүүлнэ. Төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжинэ.
Аливаа контентын жинхэнэ, эсвэл хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн эсэхийг тодорхойлох, байгууллагын болон иргэдийн нэр хүндэд халдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх системийг бүрдүүлнэ.
Дэлхийд өрсөлдөх чадвартай, технологийн тэргүүлэх байгууллагын сертификаттай 1000 мэргэжилтэн бэлтгэж, 1000 өндөр технологийн ажлын байр бий болгох үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.
Олон улсын цахим төлбөрийн системүүдийг нэвтрүүлж, төлбөр тооцоог саадгүй хүлээн авах боломжийг бүрдүүлэн цахим худалдааг дэмжинэ.
Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, мэдээллийн аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлого, зохистой хэрэглээний талаар хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
Кибер аюулгүй байдлын үндэсний стратегийг хэрэгжүүлнэ. Их өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилан кибер аюулгүй байдлын тогтолцоог олон улсын түвшинд хүргэн бэхжүүлнэ.
Кибер аюулгүй байдлыг хамгаалах тогтолцоог олон улсын түвшинд хүргэн бэхжүүлж, төр, иргэний цахим мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах бодлого хэрэгжүүлнэ.
Хувь хүний мэдээллийн аюулгүй байдал, цахим болон тоон гарын үсэг, мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах цахим засаглалын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
Бүх салбарын цахим шилжилтийн үйл ажиллагааг интеграцчлагдсан кибер аюулгүй байдлын тогтолцоогоор хангана. Энэ хүрээнд төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг улсын хэмжээнд өргөжүүлнэ.
Кибер аюулгүй байдлын мэргэшсэн хүний нөөцийг чадавхжуулж, бүх нийтийн кибер аюулгүй байдлын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлнэ.
Эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт.
Хаан банк