📜 Амлалт · 4. Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого
63 зорилт, 0 нь тоон хэмжүүртэй. Текстийг өөрчлөлтгүй авсан (эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт); хэрэгжилтийг бид дүгнэхгүй.
Монгол хүний бахархал, өв соёл, нүүдлийн соёлыг дэмжих үндэсний соёлын үнэт зүйлд суурилсан нийгмийн соён гэгээрлийн бодлого баримталж, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлнэ.
Улс, үндэстний эх орон, газар нутаг, тусгаар тогтнолоороо бахархах үзлийг сэргээж, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Монгол Улсын үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлс, аливаа талцал, хуваагдал, Үндсэн хуульт ёсны эсрэг үзэл, хандлага, гаднын зөөлөн хүчний бодлогын нөлөөнд орох эрсдэлээс хамгаалах, үндэсний эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлэх ойлголт, хандлага, соёлыг нийгэмд төлөвшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Эрүүл чийрэг, эх оронч, хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх “Эх оронч монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Хилийн чанадад амьдарч байгаа гэр бүл, хүүхдүүдэд зориулсан монгол хэл, соёлд суралцах хөтөлбөр хэрэгжүүлж, цахим сургалтын агуулгыг нэмэгдүүлнэ.
Хилийн цэргийн байгуулалтыг хөгжүүлж, мэргэшсэн хилчин, технологид суурилсан хил хамгаалах албыг бэхжүүлэн, зэвсэглэл, инженер, дохиолол хамгаалалт, радио релейн болон хяналтын систем, цэргийн холбоо, техник, нисгэгчгүй нисэх хэрэгсэл, тусгай хэрэгслээр бүрэн хангаж, хилийн цэргийн нисэх анги байгуулан, нисдэг тэрэг, нисэх онгоц ашиглах замаар хилийн аюулгүй байдлыг хангаж, хилийн дэглэмийн гэрээг хэрэгжүүлнэ.
Хилийн боомтын сэргэлтийн бодлоготой уялдуулан авто зам, төмөр зам бүхий боомтуудад шалган нэвтрүүлэх анги байгуулж, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, ухаалаг цахим гарц, дохиолол, хяналт, хамгаалалтын нэгдсэн систем, тоног төхөөрөмжөөр хангана.
Хилийн цэргийн анги, салбарын албаны барилга, орон сууцыг шинэчилж, хилчдийн алба хаах, амьдрах нөхцөлийг сайжруулна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлт, хэрэглээтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хууль бус эргэлттэй тэмцэхэд төрөөс баримтлах бодлого, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой бүхий л үйл ажиллагааг төрийн хяналтад авч, уг үйл ажиллагааг зөвхөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлүүлэх, мансуурах донтой хүнд олон улсын стандартад нийцсэн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тусламж, үйлчилгээ үзүүлэх, мансуурах донг эрт илрүүлэх, эмчлэх, хяналтад авах, нийгэмшүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог боловсронгуй болгож, олон улсын санхүүгийн зах зээлтэй холбогдсон санхүүгийн системийг хөгжүүлнэ.
Согтууруулах ундааны эргэлтэд тавих хяналтыг сайжруулж, Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх сангийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ.
“Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогын суурь зарчмыг тууштай баримталж, хоёр хөрш болон гуравдагч хөрш улсуудад таниулан, харилцааны тэнцвэр, байр сууриа хадгалж, гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг ханган, олон улсад Монгол Улсын нэр хүнд, эзлэх байр суурь, нөлөөг нэмэгдүүлэх замаар хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлнэ.
Монгол Улсын гадаад бодлогын залгамж чанар, нэгдмэл байдлыг ханган үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийг хангах гадаад таатай орчин бүрдүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх ажлыг үргэлжлүүлнэ.
Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын нэн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, худалдаа, соёл, хүмүүнлэг, гурван улсын эдийн засгийн коридорын төслүүд зэрэг бүх салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлнэ.
Гадаад бодлогын үзэл баримтлалыг сансар судлал, шинжлэх ухаан, технологийн салбар дахь дэлхийн чиг хандлагатай нийцүүлэн шинэчилнэ.
“Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцааг өргөжүүлэн, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, бусад улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана.
Монгол Улс бусад улстай харилцахдаа тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй байдлыг хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, энхийг эрхэмлэсэн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд тодорхойлж, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг удирдлага болгоно.
Монгол Улсын түүх, соёлд холбогдох гадаад улсад хадгалагдаж байгаа баримтыг эх нутагт нь байршуулж, үндэсний санах ой болох архивын баримтын хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайжруулж, архивын баримтыг эдийн засгийн эргэлтэд оруулна.
Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний системийн байгууллагууд, олон улсын болон бүс нутгийн түвшинд хамтын ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Олон улсын сансар судлалын хамтын судалгааны уулзвар цэг байх, хамтын ажиллагааны таатай орчин бүрдүүлэх бодлого баримтална.
Олон улсын харилцаа, геополитикийн нөхцөл байдал хурцдаж, мөргөлдөөн, сөргөлдөөний голомт олширч, улс гүрэн хоорондын талцал гүнзгийрч байгааг харгалзан гадаад бодлогын үйл ажиллагааны механизм, арга барилыг боловсронгуй болгож, гадаад харилцааны хүний нөөцийг бэхжүүлнэ.
Бүгд Найрамдах Солонгос Улс болон Евро-Азийн эдийн засгийн холбоо, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулж, худалдааны түнш улс орнуудтай хамтран ажиллах эдийн засгийн чиглэлийг нарийвчлан тодорхойлж, хөрөнгө оруулалт, экспорт, бизнесийг дэмжсэн харилцааг хөгжүүлнэ.
Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсүүдийг хөрш орнуудын төлөвлөлттэй харилцан уялдуулж хөгжүүлнэ.
Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж, хамтран ажиллана.
Чөлөөт бүсүүдэд бизнес инкубатор төвийг байгуулж, гадаад худалдааны түүхий эд, технологийн солилцоогоор аж ахуй эрхлэгчдийг дэмжинэ.
Монгол Улсын хөгжлийн бодит хэрэгцээ, шаардлагыг хангахуйц эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн гадаад харилцаа, гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлд төрийн бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, үр өгөөжийг дээшлүүлнэ.
Бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэж, экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, гадаад худалдаанд тулгарч байгаа хүндрэлүүдийг багасгах, хөнгөвчлөх бодлогыг үргэлжлүүлнэ.
Улс төр, эдийн засгийн харилцааны түвшин, ач холбогдол, тухайн улсад оршин суугаа монгол иргэд болон харилцан зорчиж байгаа иргэдийн тоо зэргийг харгалзан Дипломат төлөөлөгчийн газруудын байршил, бүтэц, орон тоог оновчтой болгоно.
Үндэсний аюулгүй байдал, язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах, дүн шинжилгээг сайжруулах, гадаад бодлогын нэг цонхны зарчмыг хэрэгжүүлэх, дипломат албыг бэхжүүлэхэд чиглэгдсэн зохицуулалтыг боловсронгуй болгоно.
Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалж, эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна.
Хилийн чанад дахь Монгол Улсын иргэд гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж, хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллана.
Бусад улстай хоёр талт болон олон талт олон улсын гэрээ байгуулах замаар хилийн чанадад зорчих иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчилнө.
“Хүчирхэг Монгол паспорт” зорилтын хүрээнд Монгол Улсын иргэд визгүй зорчих улсын тоог нэмэгдүүлнэ.
Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчныг шинэчилж, цогц байдлыг хангана.
“Технологийн дэвшил-Зэвсэг техникийн шинэчлэл” зорилтод нийцүүлэн Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах төрийн бодлогыг хэрэгжүүлж, орчин үеийн дэвшилтэт техник, хэрэгслээр хангана.
“Сөрөн тэсвэрлэх чадавх-Батлан хамгаалах тогтолцоо” зорилтын хүрээнд батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжүүдийн бэлэн байдлыг хангаж, дайчилгааны төлөвлөлтийг боловсронгуй болгож, иргэдийн эх орноо хамгаалах бэлтгэлжилтийг дээшлүүлнэ.
“Хүртээмжтэй төсөв-Тогтвортой өсөлт” зорилтын хүрээнд Зэвсэгт хүчний бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлж, төрлийн цэргийг хөгжүүлж, бэхжүүлнэ.
“Дэлхийн монгол цэрэг-Гадаад харилцаа” зорилтын хүрээнд батлан хамгаалах гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, шинжлэх ухаан, инновац, техник, технологи, аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, цэргийн алба хаагчдыг сургаж бэлтгэнэ.
“Цэнхэр дуулга, хар сүлд-Бүтээн байгуулалт” зорилтын хүрээнд энхийг дэмжих ажиллагаа болон улс орныг хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлж, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлнэ.
“Эх орны дуудлага-эр цэргийн алба” зорилтын хүрээнд батлан хамгаалах үйл хэргийг иргэдэд сурталчилж, хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлж, цэргийн сургалтын тогтолцоонд шинэчлэл хийж, цэргийн албаны төрлийг нэмэгдүүлэх замаар Зэвсэгт хүчин, алба хаагчийн олон нийтийн дэмжлэг, нэр хүндийг дээшлүүлнэ.
“Салбарын хүний нөөц-Нийгмийн хамгаалал” зорилтын хүрээнд алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлж, орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, тогтвор суурьшилтай ажиллах баталгааг дээшлүүлнэ.
Бүсийн сургалтын төвүүдийг шинээр байгуулж “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах суралцагчдын тоог шат дараатай нэмэгдүүлэн, улс орны батлан хамгаалах чадавхыг дээшлүүлнэ.
Батлан хамгаалах материаллаг нөөцийг бүрдүүлэх, түүний хадгалалт, хамгаалалтыг сайжруулах шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Гамшгийн үеийн бэлэн байдал, холбоо, зарлан мэдээллийн тогтолцоонд дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлж, шинэ шатанд гаргана.
Гамшиг, аюулт үзэгдэл, ослыг зарлан мэдээлэх системийг өргөжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Онцгой байдлын байгууллагын харилцаа холбооны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэн, сансрын хиймэл дагуулын болон цаг агаарын мэдээллийг шуурхай боловсруулж, хэрэглэгчдэд хүргэх гамшгийн удирдлагын нэгдсэн төвтэй болно.
Гал түймэр унтраах болон эрэн хайх, аврах нэгжийг орон нутагт өргөтгөж, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Хүн амын нягтаршил ихтэй болон алслагдсан байршилд гал түймэр унтраах, аврах анги шинээр байгуулна.
Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт, хүч хэрэгсэл, агуулахын аж ахуйн технологийг хөгжүүлж, гамшгийн үеийн болон стратегийн зориулалттай бараа материалын нөөц, хангамжийн хэмжээг нэмэгдүүлнэ.
Хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий иж бүрэн механикжуулсан агуулах барьж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангана.
Шатахуун, шатах, тослох материалын бүтээгдэхүүнийг хадгалах зориулалттай агуулах барина.
Цаг агаарын болон биологийн гаралтай аюулт үзэгдэл, техник технологийн горимын зөрчлийн эрсдэлийг бууруулна.
Эрсдэлийн мэдээлэлд суурилсан гамшгаас хамгаалах удирдлага, үйл ажиллагааг оновчтой хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий гамшгийн зураглал, байгаль орчин, уур амьсгалын эрсдэлийн мэдээллийн сан, гамшгийн эрсдэл хуваалцах тогтолцоог хөгжүүлж, олон нийтэд нээлттэй болгоно.
Гамшгийн эрсдэлийн тухай ойлголт, мэдлэгийг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг бодитойгоор нэмэгдүүлнэ.
Гамшгийн эрсдэлийг бууруулах хамтын ажиллагааг өргөжүүлж, олон нийтийн оролцоог дэмжиж ажиллана.
Нэг улс, нэгдсэн стандарт хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Гамшгийн шуурхай удирдлага, зохион байгуулалтыг оновчтой болгож, гамшгийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, нийгэм, эдийн засагт учирч болзошгүй хүндрэлийг шийдвэрлэх эрх зүйн орчныг сайжруулна.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэлзүйн үйлчилгээ, мэргэжлийн сургалтын орчин нөхцөлийг сайжруулна.
Гамшгийн үед хариу арга хэмжээ авах үндэсний чадавхыг сайжруулж, Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлэг /INSARAG/-ийн стандартад нийцсэн дунд түвшний ангиллын багтай болж, аврах ажиллагааны дэвшилтэт арга технологи, шинэ техник, багаж төхөөрөмжийг нэвтрүүлнэ.
Геополитикийн тогтворгүй байдал, цар тахлын үеийн болон түүний дараах эдийн засгийн хямрал, эрчим хүчний дутагдал, тээвэр логистикийн доголдол, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал, дэвшилтэт технологийн хурдацтай шилжилтийн тодорхой бус байдал, санхүүгийн эх үүсвэрийн хүрэлцээгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, байгаль, цаг уурын нөлөөлөл болон бусад эрсдэлийг даван туулах, хариу бэлтгэл арга хэмжээг шуурхай авах зорилгоор холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангасан эрсдэлийн удирдлагын цогц бодлого, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлнэ.
Эрсдэлийг урьдчилан илрүүлэх, үнэлэх, эрэмбэлэх, хариу арга хэмжээ авах, хэрэгжилтэд үнэлгээ хийх системийг хөгжүүлж, эрсдэлийн удирдлагын шинэчлэлийг эхлүүлнэ.
Хамтрагч, түншлэгч талууд болон олон нийтэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх, солилцох нөхцөлийг бүрдүүлж, хамтын итгэлцлийг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлага, түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд гадаад болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
Эрсдэлийн удирдлагын үе шат бүрд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангаж, урамшуулах бодлогыг дэмжинэ.
Эх сурвалж: Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт.
Хаан банк