Энгийн үгээр · нэр томьёо
Төрийн мэдээний нэр томьёо, энгийн үгээр
Тогтоол, захирамж, тодотгол, НӨАТ, ТЭЗҮ, ХАСХОМ… Төрийн мэдээнд байнга гардаг үгсийг нэг өгүүлбэрээр тайлбарлав.
Хууль, шийдвэр
- Тогтоол
- УИХ, Засгийн газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг олон гишүүнтэй байгууллагын гаргасан шийдвэр.
- Захирамж
- Ерөнхий сайд, Засаг дарга зэрэг ганц удирдах албан тушаалтны гаргасан шийдвэр.
- Тушаал
- Сайд, агентлагийн дарга зэрэг албан тушаалтны өөрийн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр.
- Зарлиг
- Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэр.
- Журам
- Тодорхой ажлыг хэрхэн хийхийг алхам алхмаар заасан дүрэм; ихэвчлэн тогтоол, тушаалын хавсралтаар батлагддаг.
- Хуулийн төсөл
- УИХ-д өргөн мэдүүлсэн, хараахан батлагдаагүй хуулийн бичвэр.
- Хориг (Ерөнхийлөгчийн)
- Ерөнхийлөгч УИХ-ын баталсан хууль, шийдвэрийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн зөвшөөрөхгүй байх эрх; УИХ хоригийг хэлэлцэж шийднэ.
- Үндсэн хуулийн цэц
- Хууль, шийдвэр Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг шийддэг байгууллага.
Төрийн байгууллага
- УИХ
- Улсын Их Хурал: 126 гишүүнтэй парламент. Хууль, улсын төсвийг баталдаг.
- Чуулган (УИХ-ын)
- УИХ-ын хуралдаж ажилладаг үе: намрын ээлжит чуулган 10 сард, хаврынх 4 сард эхэлдэг; шаардлагатай бол ээлжит бус чуулган зарлана.
- Байнгын хороо
- Нэг салбарын асуудлыг (төсөв, хууль зүй гэх мэт) нэгдсэн хуралдаанаас өмнө хэлэлцдэг УИХ-ын гишүүдийн хороо.
- Нэгдсэн хуралдаан
- УИХ-ын бүх гишүүний хуралдаан: хуулийг эцэслэн баталдаг шат.
- ИТХ
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал: аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгогдсон зөвлөл. Орон нутгийн төсвийг баталдаг.
- Засаг дарга
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн гүйцэтгэх засаглалын тэргүүн.
- ЗДТГ
- Засаг даргын Тамгын газар: Засаг даргын ажлын алба.
- Агентлаг
- Яамны бодлогыг хэрэгжүүлдэг төрийн байгууллага (… газар, … алба).
- Шуурхай хуралдаан
- Засаг дарга, сайдын ажил тараах тогтмол хурал; өөрөө шийдвэр биш, шийдвэрийн тухай мэдээ байж болно.
- АТГ
- Авлигатай тэмцэх газар: авлигын гэмт хэргийг шалгаж, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээн авдаг.
- ҮАГ
- Үндэсний аудитын газар: төрийн мөнгө зөв зарцуулагдсан эсэхийг шалгаж, дүгнэлт гаргадаг.
- ҮСХ
- Үндэсний статистикийн хороо: хүн ам, үнэ, цалин, ДНБ зэрэг албан ёсны тоог гаргадаг.
- ХЭҮК
- Хүний эрхийн үндэсний комисс: хүний эрхийн зөрчлийн гомдол хүлээн авч, хянадаг.
- ЭХЗХ
- Эрчим хүчний зохицуулах хороо: цахилгаан, дулааны үнэ (тариф)-ийг баталдаг.
Мөнгө, төсөв
- Төсвийн тодотгол
- Оны дундуур, батлагдсан төсвийн орлого, зарлагад өөрчлөлт оруулах.
- Төсвийн алдагдал
- Төсвийн зарлага орлогоосоо их байх; зөрүүг ихэвчлэн зээлээр нөхнө.
- Шилэн данс
- Төрийн байгууллагуудын орлого, зарлага, худалдан авалтыг нийтэд нээлттэй болгосон систем (shilendans.gov.mn).
- Тендер
- Төрийн худалдан авалтад нийлүүлэгчдийг өрсөлдүүлж, хамгийн сайн саналыг сонгох ажиллагаа.
- Шууд гэрээ
- Өрсөлдүүлэлгүйгээр нэг нийлүүлэгчтэй гэрээ байгуулах арга; хуульд заасан тохиолдолд л зөвшөөрнө.
- ТЭЗҮ
- Техник, эдийн засгийн үндэслэл: төсөл хэрэгжих боломжтой, ашигтай эсэхийг тооцсон баримт бичиг.
- Концесс
- Хувийн компани зам, барилга зэрэг төрийн өмчийг барьж эсвэл ашиглаж, гэрээний хугацаанд орлого авдаг хэлбэр.
- Бонд
- Улс эсвэл компани мөнгө зээлэхдээ гаргадаг өрийн бичиг; хугацаанд нь хүүтэй нь буцааж төлнө.
- ДНБ
- Дотоодын нийт бүтээгдэхүүн: улсад нэг жилд үйлдвэрлэсэн бүх бараа, үйлчилгээний үнэ.
- Инфляц
- Үнийн ерөнхий түвшин өсөх; жилийн инфляц 10% гэвэл үнэ жилийн өмнөхөөс дунджаар 10% өндөр.
- Бодлогын хүү
- Монголбанкны тогтоодог суурь хүү; банкуудын зээл, хадгаламжийн хүүнд нөлөөлдөг.
- Валютын нөөц
- Монголбанкны гадаад валют, алтны нөөц: импорт, гадаад өрийн төлбөрт хэрэглэж, төгрөгийн ханшийг тогтвортой байлгадаг.
- НӨАТ
- Нэмэгдсэн өртгийн албан татвар: бараа, үйлчилгээний үнэд шингэсэн 10%-ийн татвар.
- ХХОАТ
- Хувь хүний орлогын албан татвар: цалин, бусад орлогоос суутгадаг татвар.
- НДШ
- Нийгмийн даатгалын шимтгэл: тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгалд цалингаас төлдөг мөнгө.
- ААНОАТ
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар: компанийн ашгаас төлдөг татвар.
- Тариф
- Цахилгаан, дулаан, ус зэрэг үйлчилгээний албан ёсоор тогтоосон үнэ.
- ТӨХК
- Төрийн өмчит хувьцаат компани: хувьцааных нь бүгд эсвэл ихэнх нь төрийнх.
- ТӨҮГ
- Төрийн өмчит үйлдвэрийн газар: төрийн өмчлөлд байдаг аж ахуйн нэгж.
- Мега төсөл
- Засгийн газар «мега» гэж нэрлэсэн томоохон дэд бүтэц, үйлдвэрийн төсөл (/projects хуудсанд жагссан).
- Сөрөг дүгнэлт
- Аудит санхүүгийн тайланг бодит байдлыг үнэн зөв харуулаагүй гэж үзсэн дүгнэлт.
- Хязгаарлалттай дүгнэлт
- Аудит тайланг ерөнхийдөө зөв, гэхдээ тодорхой хэсэгт нь асуудалтай гэж үзсэн дүгнэлт.
Албан тушаалтан
- ХАСХОМ
- Хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг: албан тушаалтан жил бүр АТГ-д өгдөг, нийтэд ил байдаг.
- Ашиг сонирхлын зөрчил
- Албан тушаалтны хувийн ашиг сонирхол албан үүрэгтэй нь зөрчилдөх байдал; хууль үүнийг мэдүүлж, татгалзахыг шаарддаг.
- Мандат
- Сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрх.
- Тойрог
- Сонгуулийн тойрог: тодорхой нутаг дэвсгэрээс гишүүн сонгогддог хэсэг.
Тайлбарыг Ил Тод Мэдээ бичсэн (AI биш). Мэдээний AI хураангуйд эдгээр үгийн эхнийх нь доогуур цэгтэй зураастай гарна: дарахад тайлбар нь гарна. Алдаа, нэмэх үг байвал: info@iltodmedee.mninfo@iltodmedee.mn