13 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох хууль хэлэлцлээ
Эх гарчигНийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- 13-16 насны хүүхдүүд, эцэг эхчүүд
- Юу өөрчлөгдөх
- 13 хүртэлх насныхан нийгмийн сүлжээ ашиглахыг хориглогдож, 13-16 насныхан хязгаарлалттай ашиглана.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- 13 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох хуулийн төслийг УИХ-д хэлэлцлээ.
- 13-16 насныхан зөвхөн аюулгүй тохиргоотойгоор ашиглах боломжтой болно.
- Сургуулийн орчинд сургалтын зорилгоос бусад нийгмийн сүлжээг ашиглахыг хориглох заалт тусгажээ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хуулийн төсөл өргөн мэдүүлсэн
- 13 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэж, хэрэглэхийг хориглох
- 13-16 насны хүүхдэд аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулах
- Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
- Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
- Байнгын хорооны гишүүдийн 61.9% - 66.7% нь хэлэлцэхийг дэмжсэн
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 29-нд нийтлэгдсэн
Ангилал: Хуралдааны тойм
Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 00 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцсэн.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр нарын 9 гишүүнээс 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулав.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, цахим орчинд хүүхдийн хувийн мэдээлэл болон дүрс бичлэгийг зөвшөөрөлгүй ашиглах, хүүхдийг зохисгүй харилцаанд татан оролцуулах зэрэг эрсдэл нэмэгдсээр байгаа нь хуулийн төсөл боловсруулах үндэслэл болсныг дурдсан юм. Хүүхдийг эрсдэлээс хамгаалахдаа зөвхөн хориг, хязгаарлалт тогтоох бус тэдний эрх, эцэг эхийн үүрэг, нийгмийн сүлжээний болон харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлага, төрийн үүргийг тодорхой болгосон цогц зохицуулалт шаардлагатай гэж үзсэн байна.
Хуулийн төсөлд 13 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэж, хэрэглэхийг хориглох, 13-16 насны хүүхдэд зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулах зохицуулалтыг тусгажээ. Мөн эцэг эхийн хяналт тавих боломжийг бүрдүүлэх, хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалах, хориотой болон хүүхдэд хортой агуулгаас сэргийлэх технологийн хамгаалалт зэрэг агуулгыг оруулсан байна.
Монгол Улсад оршин суугаа хүүхэд харьяаллаас үл хамааран хамрагдаж, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч этгээд, төрийн байгууллага, эцэг эх асран хамгаалагч, боловсролын байгууллагууд зэрэг хүүхдийн оролцоотой ихэнх байгууллагууд хуулийн үйлчлэлд хамрагдана гэдгийг хууль санаачлагч дурдав.
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулсан байна. /Дэлгэрэнгүйг эндээс/
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61.9 хувь, хамт өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 66.7 хувь, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 66.7 хувь, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн теслийг 61.9 хувийн саналаар тус тус үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж , чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцлов.
Хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, С.Эрдэнэболд, С.Зулпхар, О.Батнайрамдал, Д.Ганмаа, Ц.Баатархүү, Ч.Лодойсамбуу, М.Нарантуяа-Нара, Г.Лувсанжамц нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд хуулийн төслийн зохицуулалтад хүүхдүүдийн гэр бүл, сургуулийн орчинд нийгмийн сүлжээг хэрэглэх, зохистой ашиглах орчинг бүрдүүлэх асуудлыг тодорхой болгох, эцэг эхийн үүргийг хариуцлагажуулахад чиглэсэн зохицуулалтыг хэрхэн тусгасан талаар илүүтэй лавлаж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Хуулийн төсөлд 13 нас хүртэл нь хүүхдийг нийгмийн сүлжээнд орохыг бүрэн хориглож байна гээд, ялангуяа эцэг, эх хүүхдүүдээ гар утсаар ямар контент үзэж байгааг мэддэг, цахим халдлагын талаар мэдэх шаардлага үүсээд байна. Иймд хүүхдийнхээ ашиглаж буй нийгмийн сүлжээний талаар мэдлэгтэй байх, сургалт, зөвлөгөөг мэргэжлийн байгууллагаас авах гэх зэргээр эцэг, эхийн эрх үүргийн талаар төслийн 8 дугаар зүйлд тодорхой тусгасан. Харин хүүхэд сургуулийн орчинд нийгмийн сүлжээг зохистой хэрэглэх хүрээнд сургалтын үйл ажиллагаа, даалгавар, үнэлгээ, суралцагчтай холбоотой мэдээлэл, солилцоход хуулийн 14.1.3-т зааснаас бусад нийгмийн сүлжээг ашиглахыг хориглох зэргээр төслийн 9 дүгээр зүйлд боловсролын сургалтын байгууллагын чиг үүргийг тодорхой тусгасан хэмээн хариулав.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Эцэг эхчүүдэд хариуцлага хүлээлгээд хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг бүрэн хянаж чадахгүй. Иймд технологийн шийдлийг хамгийн бие даасан, найдвартай шийдэл гэж үзсэн. Үүрэн телефоны компаниуд тусгай зөвшөөрөл аваад үйлчилгээ эрхэлдэг бөгөөд энэ хүрээнд хүлээсэн үүрэгт нь утасны дугаар олгохдоо иргэний бүртгэл болон насны бүртгэл хийлгэхээр тусгасан. Ингэснээр хууль хэрэгжих боломж бүрдэнэ гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн. .
Түүнчлэн гишүүд хуулийн төсөлд 13-16 насны хүүхдэд зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулна гэж тусгахдаа тодорхой судалгаанд үндэслэсэн эсэх, ялангуяа Монгол Улсын нийгмийн сүлжээгээр явуулж буй хортой, хориотой контенттой холбоотой гомдол хүсэлтийг яаралтай шийдвэрлэх, арга хэмжээ авах эсэхийг тодруулсан.
Улсын Их Хурлы гишүүн П.Наранбаяр, төсөлд хүүхдийн насны хязгаарлалтыг тодорхойлохдоо АНУ-ын сэтгэл зүйн холбооноос гаргасан шинжлэх ухааны судалгаа, НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос 2021 онд баталсан зөвлөмж, Олон улсын цахилгаан холбооноос гаргасан хүүхдийг цахим орчинд хамгаалах бодлого боловсруулагчдад зориулсан удирдамж, улс орнуудын харьцуулсан судалгаа зэргийг үндэслэсэн хэмээв. Харилцаа холбооны зохицуулах хороо эрх мэдлийнхээ хүрээнд цахим сүлжээ эрхлэгч болоод харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч нартай харилцаж, хүүхдэд хориотой агуулгатай контентыг найман цагийн дотор арилгах үүрэг хүлээж байна. Мөн хортой агуулга явуулсан тохиолдолд 72 цагийн дотор мэдэгдлээ өгөөд шийдвэрлэнэ гэсэн агуулгыг төсөлд тусгасан. Үүнийг арилгаагүй нөхцөлд Монгол Улсаас үе шаттайгаар тухайн сүлжээрүү хандах хандалтгүй болгох арга хэмжээ авах зохицуулалтыг П.Наранбаяр гишүүн хариултдаа онцлов.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, С.Зулпхар, О.Алтангэрэл, М.Нарантуяа-Нара, М.Мандхай, С.Эрдэнэболд нар хуулийн төслийг дэмжсэн, дэмжээгүй талаараа байр сууриа илэрхийлэв. Гишүүд дэлхийн олон улс орнууд өсвөр насны хүүхдүүдийн нийгмийн сүлжээний хэрэглээнд хяналт тавих асуудалд анхаарч байгаа энэ цаг үед хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлснийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ анхаарах асуудалд санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, хүүхдийн хувийн мэдээлэл, байршил, бүртгэлийн нууцлалыг анхдагч тохиргоогоор хамгаалах нь зөв. Хүүхэд, эцэг, эх бүр технологийн мэргэжилтэн биш хамгаалалтыг өөрсдөө олж тохируулахыг хүлээлгүй үйлчилгээ нь анхнаасаа аюулгүй байх ёстойг тодотгов. Мөн танихгүй хүнээс явуулсан шууд зурвасыг хязгаарлах, хүүхдэд хортой агуулгыг санал болгох алгоритмд шаардлага тавихыг дэмжиж байна гээд хүүхдийг хамгаалахад нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчид бодитоор оролцох хэрэгтэй байна гэв. Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, энэ нь шинэ хуулийн төсөл тул олон талын туршлагыг харгалзах, хууль хэрэгжүүлэхтэй холбоотой зохион байгуулалт, хүний нөөц, хөрөнгө, санхүүгийн нөөц зайлшгүй шаардлагатайг хүлээн зөвшөөрч, энэ асуудалд анхаарах нь зүйтэй гэсэн санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хүүхдийг цахим халдлагаас хамгаалах агуулгад чиглүүлж батлуулах, харин үүнийг цахим орчны цензурын шинэ хэрэгсэл болгох, ямарваа нэг эрх мэдэлтэнд үйлчлэх гарц боломжийг нээж болохгүй гэдгийг онцгой анхааруулж байлаа.
Ингээд Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар шийдвэрлэв.
Өгөгдлийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ
Дараа нь Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин танилцуулсан.
Энэхүү анхдагч хуулийн төслийг дэлхий нийтэд эрэлт хэрэгцээ нь улам бүр өсөн нэмэгдэж байгаа өгөгдлийн зах зээл, эдийн засгийн өгөөжийг харгалзан, халдашгүй байдлыг хангах, хөгжлийн баримт бичгүүдэд нийцүүлж, хөрөнгө оруулалтын нээлттэй загварыг бий болгох бодлогыг чухалчилсан болов.
Хууль санаачлагч илтгэлдээ, өгөгдөл нь зөвхөн архивт хадгалагдах мэдээлэл төдий бус бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, хиймэл оюуны хөгжлийн болон стратегийн чухал нөөц гэдгийг онцоллоо. Олон улсын эрх зүйн чиг хандлага, жишгийн дагуу манай улс дата өгөгдлийн хөрөнгө оруулалтын нээлттэй загварыг бий болгохоор төслийг боловсруулсан хэмээв. Нэн тэргүүнд халдашгүй байдлыг хамгаалах, өгөгдлийн чанар, ангилал, уялдааг томьёолох, дотоодын дата төв, үүлэн дэд бүтцийг тэлэх, Монгол Улсыг гадны технологи хэрэглэгч бус, өгөгдөл боловсруулдаг, хиймэл оюуны тооцооллын хүчин чадал экспортолдог орон болгох зорилт тавьсан гэсэн юм. Тиймээс эрчим хүч, сүлжээ, эрх зүйн бие даасан байдлыг нэгэн зэрэг хангах «Sovereign by Design» бодлогыг хуулийн төсөлд тусгаад байгаа. Өгөгдлийн тухай хуулийн төсөл нь зургаан бүлэг, 25 зүйлтэй, өгөгдлийг үүсгэхээс эхлээд устгах хүртэл 11 үе шат бүрийг эрх зүйн хүрээнд иж бүрэн зохицуулахаар төлөвлөсөн. Төрийн анхдагч мэдээллийн санг давхардуулахгүйгээр нэгдсэн каталог, мета өгөгдөл, систем хоорондын холболтод суурилсан төрийн их өгөгдлийн дэд бүтцийг бүрдүүлж, өгөгдөлд хандсан үйлдэл бүрийг бүртгэх зохицуулалтыг тусгасан. Төрийн их өгөгдлийг “нээлттэй”, “хязгаарлалттай”, “хаалттай”, “нөхцөлт хандалттай” гэж ангилан хандалтын эрх олгох бол өгөгдлийг “нээлттэй”, “судалгааны”, “хязгаарлагдмал”, “арилжааны”, “нийтийн ашиг сонирхлын” хэмээн ангилж, лицензээр ашиглуулах ажээ.
Өгөгдлийн эзэн өөрт хамаарах, өөрийн үйл ажиллагааны явцад үүссэн өгөгдлөө үнэ төлбөргүй авах, хүсэлтээрээ техникийн боломжтой үед өөр үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлэх эрхийг тусгасан. Харин гадаадын этгээдийн дата төвийн дэд бүтцийн хүсэлтийг нэг цонхоор зохион байгуулж, үр ашгаас хуваалцах гэрээ байгуулна. Ногоон дата төвийн сүлжээний холболт, илүүдэл эрчим хүчний худалдан авалт, зээлийн дэмжлэгийг холбогдох хуулиудтай уялдуулна. Өгөгдлийн ашиглалт, чанарын нэгдсэн тайланг жил бүр Улсын Их Хуралд танилцуулж байхаар төсөлд тусгасан тухайгаа сайд Ч.Номин илтгэлээ. Энэхүү төсөл нь өгөгдөлд суурилсан бизнес, монгол хэлний хиймэл оюуныг хөгжүүлэх, үндэсний тооцооллын чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, уул уурхайгаас бусад салбарын экспортыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэв.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийсэн байна. /дэлгэрэнгүйг эндээс/
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү танилцуулав. Хууль санаачлагч өгөгдөл нь бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, хиймэл оюуны хөгжлийн стратегийн нөөц болж байгааг харгалзан өгөгдлийг үүсгэх, хадгалах, боловсруулах, солилцох, дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж үзжээ. Төр, хувийн хэвшилд хуримтлагдсан өгөгдлийн чанар, ангилал, уялдаа холбоо, дахин ашиглалт хангалтгүй, дотоодын дата төв болон үүлэн тооцооллын дэд бүтэц хязгаарлагдмал байгааг үндэслэн өгөгдлийн засаглал, мэдээллийн болон кибер аюулгүй байдал, хувийн мэдээллийн хамгаалалт, дата төвийн үйл ажиллагааны харилцааг цогцоор зохицуулах, төрийн бодлого, үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэх, хиймэл оюуны хөгжлийг дэмжих, уул уурхайгаас бусад салбарын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсныг дурдав.
Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт “... Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар ил санал хураалт явуулна …” гэж заасны дагуу санал хураалт явуулахад Өгөгдлийн тухай хуулийн төслийг 87.5 хувиар, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 83.3 хувиар, Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 87.5 хувиар, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 87.5 хувиар, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 87.5 хувиар, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 87.5 хувиар тус тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг танилцуулгадаа онцлов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд, Д.Ганмаа, С.Ганбаатар, Мандхай нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин Хууль тогтоомжийн тухай хуулийн 16.1-т хууль тогтоомжийн төслийг үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулна гэж заасныг дурдаад, үзэл баримтлалдаа тусгасан атлаа хуулийн төсөлд тусгаагүй үлдсэн асуудлыг хэрхэн зохицуулах, улмаар дата төвийн халдашгүй байдлын тусгай дэглэмийг хэрхэн зөвөөр ойлгох талаар лавлаж байлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, хуулийн төслийн үзэл баримтлал нь төрөөс хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, журам дүрмийг тодорхой болгож өгснөөр Монгол Улсад дотоодын болон олон улсын хөрөнгө оруулалттай хувийн хэвшлийн дата төвүүд, өгөгдөл боловсруулдаг төвүүдийг бий болгох зохицуулалтай болгосон. Энэ хүрээнд хувийн хэвшлийнхэн зохион байгуулалтаа хийж, хөрөнгө оруулалттай явуулахад холбогдох зохицуулалт шаардлагатай. Хэрэв үүнтэй холбоотойгоор Засгийн газрын баталгаа гаргах шаардлагатай тохиолдолд л хуулийнхаа дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлнэ хэмээв.
Харин ажлын хэсгээс Хууль тогтоомжийн тухай хуулиар төслийн үзэл баримтлал нь зорилго, зохицуулалтын хүрээг тогтоож, хуулийн төсөл нь түүнийг хэрэгжүүлэх журам, чиг үүргийг нарийвчлан зохицуулж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хоёр баримт бичиг агуулгын хувьд хоорондоо нийцэж байх ёстой гэдэгт саналыг хүлээн зөвшөөрч байна гэлээ. Мөн энэхүү хуулийн төслийн үзэл баримтлалыг 2026 оны зургадугаар сард боловсруулаад, 6, 7 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар оруулж, төсөл өргөн мэдүүлэх зөвшөөрөл авахаар хоёр удаа хэлэлцүүлсэн. Энэ хүрээнд Засгийн газраас тодорхой чиглэлүүдийг нэмэх санал өгсөн тул эдгээр агуулгуудыг нэмж тусгасан байдлаар өргөн мэдүүлсэн хэмээн тайлбарласан.
Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, үндэсний бүтээмэл оюуны тогтолцоог бий болгоход хэрхэн чиглэж буйг лавласан.
Дэлхий дахинд эдийн засгийн бүтээмжийг дүгнэж байгаа гол салбар нь хиймэл оюун ухаан болж, өрсөлдөөн үүнд төвлөрч буйг Ч.Номин сайд тодотгоод, бид өөрсдийнхөө үндэсний үнэт зүйл, мөн чанараа хадгалж үлдэхийн тулд хиймэл оюун ухааны салбарт ямар стратеги барьж, ямар тогтолцоотой явах вэ гэдгээ боловсруулж гаргах нь чухал гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлэв. Мөн Засгийн газраар хиймэл оюунын талаар баримтлах стратегийг хэлэлцүүлсэн. Үүнийг салбарын яам дангаар шийдвэрлэх боломжгүй бөгөөд үндэсний аюулгүй байдлын түвшинд хэлэлцэх асуудал. Энэ асуудлыг хэлэлцүүлж байгаа гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.