Стандартчиллын хуулийг шинэчлэх төсөл УИХ-д танилцуулагдлаа
Эх гарчигМонгол улсын шадар сайд Н.Номтойбаяр "стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг улсын их хурлын 2026 оны намрын ээлжит чуулганд танилцуулж, хэлэлцүүлж байна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Иргэд, бизнес эрхлэгчид
- Юу өөрчлөгдөх
- Бүтээгдэхүүний аюулгүй байдлын хяналт, стандартын шаардлага хатуурах
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Засгийн газар стандартчилал, техникийн зохицуулалтын хуулийг шинэчлэх төслийг УИХ-д танилцууллаа.
- Одоогийн хууль нь хяналт сул, чиг үүргийн давхардалтай, стандартыг сонгон хэрэглэх эрх буруу ойлгогдож байгааг тодрууллаа.
- Тус хуулийн шинэчлэлээр аюулгүй байдлын шаардлага, лабораторийн хяналтыг хатуулан, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 318.7тэрбум ₮👤 ≈ 93 000₮ / хүн
- 134тэрбум ₮👤 ≈ 39 100₮ / хүн
- 84.9тэрбум ₮👤 ≈ 24 800₮ / хүн
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Монгол Улсад 6,657 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
- 2022 оны үзлэгээр 1,036 стандартыг шинэчлэх, 159 стандартыг хүчингүй болгох, 57 стандартыг шинээр боловсруулах шаардлагатай гэж дүгнэсэн.
- 2024-2025 онд 2,293 стандартад үзлэг хийж, 83.7 хувь нь өнөөгийн хэрэгцээнд нийцэхгүй гэж дүгнэсэн.
- 2024 оны 1-р сард Дүнжингаравд шингэрүүлсэн хийн автомашин дэлбэрч, 7 хүн амь насаа алдсан.
- Итгэмжлэгдсэн 224 лаборатори үйл ажиллагаа явуулж байна (54 төрийн, 170 хувийн).
- 2025 оны эхний 9 сард гэдэсний халдварт өвчний 4,501 тохиолдол бүртгэгдсэн.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 23-нд нийтлэгдсэн
Одоогийн мөрдөгдөж байгаа хууль нь хяналт хариуцлагын тогтолцоо сул, төрийн байгууллагуудын уялдаа холбоо дутмаг, чиг үүргийн давхардалтай, нэр томъёо нь хэрэглэхэд энгийн ойлгомжтой биш байгаа нь хуулийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Иймээс Монгол Улсын Засгийн газраас Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд танилцуулж байна.Эрхэм гишүүд ээ, Монгол Улс стандартчиллын эрх зүйн орчныг 1994 онд анх хуульчилж, 2003 онд шинэчлэн, 2017 онд одоо мөрдөгдөж байгаа хуулийг баталсан. Түүнээс хойш үйлдвэрлэл, худалдаа, технологи эрчимтэй өөрчлөгдсөн боловч манай улсын эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн механизм, салбарын чадавх энэ өөрчлөлтийг гүйцэхгүй байна. Үүнийг дараах дөрвөн асуудлаар тодруулъя. НЭГДҮГЭЭРТ. СТАНДАРТЫН ШИНЭЧЛЭЛ БОДИТ ХЭРЭГЦЭЭНЭЭС ХОЦОРЧ БАЙНА.Монгол Улсад 6,657 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 2022 онд барилга, эрүүл мэнд, хүнс, аялал жуулчлалын салбарын 2,004 стандартад үзлэг хийж, 1,036 стандартыг шинэчлэх, 159 стандартыг хүчингүй болгох, 57 стандартыг шинээр боловсруулах шаардлагатай гэж дүгнэсэн. Гэвч уг дүгнэлтээс хойших гурван жилийн хугацаанд шинэчлэх шаардлагатай стандартуудын 70 орчим хувь нь шинэчлэгдээгүй хэвээр байна. Мөн 2024–2025 онд 2,293 стандартад үзлэг хийхэд 83.7 хувь нь өнөөгийн хэрэгцээ, шаардлагад нийцэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Эрсдэлийг салбар тус бүрээр тасалж харж болохгүйг Дүнжингаравын осол бидэнд сануулсан. 2024 оны нэгдүгээр сард шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автомашин осолдож, дэлбэрсний улмаас Онцгой байдлын байгууллагын гурван алба хаагч, дөрвөн иргэн буюу нийт долоон хүний амь нас эрсэдсэн. Олон хүн эрүүл мэндээрээ хохирч, орон сууц, автомашин, аж ахуйн нэгжүүдийн эд хөрөнгө сүйдсэн. Ослын шалтгаан, хариуцлагыг эрх бүхий байгууллага эцэслэн тогтоох асуудал тусдаа. Харин аюултай ачаа тээвэрлэлт, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, галын аюулгүй байдал, хот төлөвлөлт, барилгын хамгаалалтын шаардлага бодит амьдралд нэг цэгт огтлолцдогийг бид анхаарах ёстой. ХОЁРДУГААРТ. СТАНДАРТЫГ СОНГОХ ЭРХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРГИЙН ЗААГИЙГ ТОДОРХОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА.Одоо мөрдөгдөж буй хуулийн 4.1.2 дахь заалтад стандартыг “сонгон хэрэглэх баримт бичиг” гэж тодорхойлсон нь стандартыг мөрдөх эсэх нь сайн дурын асуудал мэт буруу ойлголт үүсгэж, хэрэгжилтийг хангах, хяналт тавихад хүндрэл учруулж байна. Гэтэл сонгон хэрэглэх зарчим нь тохирох стандартаа сонгох эрхийг олгож байгаа болохоос сонгосон стандартын шаардлагыг биелүүлэх үүргээс чөлөөлж байгаа хэрэг биш юм. Тухайлбал, Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн үйлчилгээний жагсаалтыг баталсан. Уг жагсаалтад хүнсний тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн багтсан боловч шинэ хүнсний ногоог тусгайлан хамруулаагүй байна. Гэтэл сүүлийн үед импортын хүнсний ногоонд формальдегид зэрэг химийн бодис агуулагдаж болзошгүй асуудал хөндөгдөж, хил, гаалийн хяналт болон лабораторийн шинжилгээний чадавх олон нийтийн анхаарлын төвд орлоо. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистикаар 2025 оны эхний есөн сард улсын хэмжээнд гэдэсний халдварт өвчний 4,501 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр нь бүгд хүнсний хордлого гэсэн үг биш ч хүнсээр дамжих өвчлөлийн эрсдэлийг хянах, урьдчилан сэргийлэх тогтолцооны ач холбогдлыг харуулж байна. Иргэдийн хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн заавал тохирлын баталгаанд хамруулах жагсаалтад ороогүй байлаа гээд аюулгүй байдлын шаардлагаас чөлөөлөгдөхгүй. Хилээр нэвтрэхээс эхлээд худалдааны лангуу, хэрэглэгчийн гар дээр очих хүртэлх шатанд эрсдэлд суурилсан хяналт, шаардлагатай шинжилгээ, хариуцлагын тогтолцоо үйлчлэх ёстой. Стандартыг сонгон хэрэглэж болно. харин хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүргийг сонголт болгож болохгүй. ГУРАВДУГААРТ. ЛАБОРАТОРИЙН ТОГТОЛЦОО, ШИНЖИЛГЭЭНИЙ ЧАДАВХ ХАНГАЛТГҮЙ БАЙНА.Монгол Улсад итгэмжлэгдсэн 224 лаборатори үйл ажиллагаа явуулж байгаагаас 54 нь төрийн, 170 нь хувийн хэвшлийн лаборатори байна. Хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлохдоо лабораторийн өнөөгийн үйл ажиллагаа, чадамж, эрх зүйн орчин, байгууллага хоорондын чиг үүргийн хуваарилалт, уялдаа холбоо, тогтолцоонд иж бүрэн дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлыг бодит судалгаа, нотолгоонд үндэслэн тодорхойлох шаардлагатай гэж үзсэн.Тухайлбал, лабораториудын хүний нөөц, тоног төхөөрөмж, шинжилгээний арга зүй, итгэмжлэл, чанарын удирдлага, шинжилгээний үр дүнгийн найдвартай байдал болон мэдээлэл солилцооны өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, тулгамдаж буй асуудал нь эрх зүйн зохицуулалтын дутагдалтай холбоотой эсэх, эсхүл одоо мөрдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилт, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөцийн хүрэлцээ болон байгууллага хоорондын уялдаа холбооноос шалтгаалж байгаа эсэхийг ялган тогтоох нь зүйтэй байна. Лабораторийн үйл ажиллагааг 61 хуулийн 87 заалтаар харилцан адилгүй зохицуулж байна. Мэдээллийн нэгдсэн сан бүрдээгүйгээс шинжилгээ давхардах, мэдээлэл тасалдах, байгууллага хоорондын уялдаа алдагдах нөхцөл үүсэж байна. Үүний зэрэгцээ химич, лабораторийн шинжээчийг бэлтгэх, мэргэшүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах хүний нөөцийн бодлого шаардлагатай. Өндөр өртөгтэй тоног төхөөрөмжийг ажиллуулах чадварлаг мэргэжилтэнгүйгээр шинжилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжгүй. Лабораторийг гурван шатлалтай болгон хуульчилснаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд лаборатори байгуулах, хөгжүүлэх боломжийг бий болгоно. ДӨРӨВДҮГЭЭРТ. ИТГЭМЖЛЭЛ, БАТАЛГААЖУУЛАЛТ, ТӨРИЙН ХЯНАЛТЫН УЯЛДАА СУЛ БАЙНА.Төрийн худалдан авах ажиллагаанд чанар, стандартын шаардлага хэрхэн алдагдаж, үүний төлөөсийг татвар төлөгчид ямар өртгөөр төлж байгааг бодит баримтаар харуулъя.2025 онд ашиглалтад хүлээн авсан 13 сургууль цэцэрлэгийн наймынх нь дотоод орчны агаарт формальдегид, бензолын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрснийг Үндэсний аудитын газрын шинжилгээгээр тогтоосон. Өөрөөр хэлбэл, шалгалтад хамрагдсан таван барилга тутмын гуравт нь хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулах үзүүлэлт илэрсэн байна. Улсын төсвөөр барьж, ашиглалтад хүлээн авсан барилгын аюулгүй байдлыг дараа нь дахин шалгаж, зөрчил илрүүлж байгаа нь хүлээн авах үеийн чанарын хяналтыг эргэн үнэлэх шаардлагатайг харуулж байна.2023 оны “ногоон автобус”-ны худалдан авалтаар 318.7 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Гэтэл нийлүүлсэн эхний 100 автобусны 99 нь техникийн үзлэгт тэнцээгүйг УИХ-ын хянан шалгах сонсголд танилцуулсан. Чанар стандартын шаардлага хангаагүй энэхүү худалдан авалтаар 134 тэрбум төгрөгний хохирол улсад учирсан. Үүнээс гадна Дорнодын иргэдийн “Тамын 50” хэмээн нэрлэсэн Өндөрхаан–Чойбалсан чиглэлийн 50 километр авто замыг улсын комисс хүлээн аваагүй байхад гүйцэтгэгч санхүүжилтээ бүрэн авсан тухай Зам, тээврийн хөгжлийн яам мэдээлсэн. Чанарын шаардлага хангаагүй уг замыг дахин барихад 84.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг тусгагдсан байна.Хүүхдийн суралцах орчинд хорт бодисын агууламж хэтэрч, худалдан авсан автобус техникийн шаардлага хангахгүй, улсын төсвөөр барьсан замыг дахин барихад олон арван тэрбум төгрөг шаардагдаж байна. Энэ бүхний цаана нэг асуудал бий. Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарыг хэн, ямар шаардлагаар үнэлж, ямар нотолгоонд үндэслэн хүлээн авч, зөрчил гарсан тохиолдолд хэн хариуцлага хүлээж байна вэ? Үндэсний аудитын газрын 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн дүгнэлтэд техникийн шаардлага хангаагүй ажлыг санхүүжүүлэх, чанар, стандартын зөрчилтэй барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах асуудал арилаагүйг тэмдэглэсэн.Төрийн хяналтын үр дүнг гарын үсэг зурсан акт, олгосон гэрчилгээ, зарцуулсан төсвийн хэмжээгээр бус, хүлээн авсан бүтээн байгуулалтын чанар, аюулгүй байдал, ашиглалтын үр дүнгээр хэмжих ёстой. Иймээс итгэмжлэл, тохирлын үнэлгээ, төрийн хяналтын уялдааг сайжруулж, шаардлага хангаагүй бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг хүлээн авах, санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бэхжүүлэх шаардлагатай байна. Эрхэм гишүүд ээ,Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2022 оноос боловсруулж, нийслэл, 21 аймаг, мэргэжлийн холбоод, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачдын оролцоотой хэлэлцүүлгүүд зохион байгуулж, ирүүлсэн саналуудыг тусгасан.Төслийг боловсруулахдаа хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, лабораторийн эрх зүйн орчны судалгаа болон гадаад орнуудын стандартчилал, тохирлын үнэлгээ, итгэмжлэл, лабораторийн тогтолцооны харьцуулсан судалгаанд тулгуурласан.Энэхүү шинэчлэл нь Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Нэг улс–Нэгдсэн стандарт” бодлого, стандарт нэвтрүүлэхээр тодорхойлсон 33 салбар, үйл ажиллагааны зорилттой уялдаж байна. Хуулийн төсөл нийт 9 бүлэг, 38 зүйлтэй бөгөөд дараах үндсэн өөрчлөлтүүдийг тусгалаа. НЭГДҮГЭЭРТ. СТАНДАРТ ХЭРЭГЛЭХ ЭРХ, МӨРДӨХ ҮҮРГИЙГ ТОДОРХОЙ БОЛГОЖ БАЙНА.Төслийн 10 дугаар зүйлээр стандартыг сонгох эрх, сонгосон стандартын шаардлагыг биелүүлэх үүрэг, хууль тогтоомж болон техникийн зохицуулалтаар заавал мөрдөх нөхцөлийг тодорхойлсон. Стандарт цаг үетэйгээ уялдаж шинэчлэгдэж байх ёстой. Олон улсад өөрчлөгдөхөд цаг алдалгүй стандартыг шинэчлэх, томоохон бүтээн байгуулалтад эх хэл дээр нь стандартыг хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг шинээр тусгасан Үндэсний стандартыг мэдээллийн нэгдсэн санд нээлттэй, үнэ төлбөргүй байршуулахаар тусгасан. Төр стандартын шаардлага биелүүлэхийг шаардаж байгаа бол иргэн, аж ахуйн нэгжид стандарт нээлттэй, хүртээмжтэй, хэрэглэхэд хялбар байх ёстой. ХОЁРДУГААРТ. ЛАБОРАТОРИЙН ГУРВАН ШАТЛАЛТ ТОГТОЛЦООГ ХУУЛЬЧИЛЖ БАЙНА.Төслийн 16 дугаар зүйлд лабораторийг гурван шатлалтай байхаар тусгасан. Мөн лабораторийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний дэргэд орон тооны бус бодлогын зөвлөл ажиллахаар зохицуулсан. Ингэснээр лабораториудын чадавхыг уялдуулан хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн давхардлыг бууруулах, төр, хувийн хэвшлийн нөөцийг зохистой ашиглах эрх зүйн үндэс бүрдэнэ. ГУРАВДУГААРТ. ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ, ИТГЭМЖЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАРИУЦЛАГА, ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЖ БАЙНА.Итгэмжлэлийн байгууллагын засаглал бэхжиж, техникийн хороо, маргаан шийдвэрлэх комисс, шинжээчийн эрх, үүрэг, үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан. Төслийн 31 дүгээр зүйлд улсын байцаагч хяналт шалгалтын үйл ажиллагаандаа итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагын үр дүнг ашиглаж болохоор тусгасан. ДӨРӨВДҮГЭЭРТ. МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ БИЙ БОЛГОЖ БАЙНА.Төслийн 7 дугаар бүлэгт стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, лабораторийн шинжилгээ, итгэмжлэлийн мэдээллийн сангийн бүрдүүлэлт, хөгжүүлэлт, ашиглалт, хамгаалалтыг зохицуулсан. Энэ нь байгууллагууд баталгаатай мэдээллийг харилцан ашиглаж, эрсдэлд тулгуурлан хяналт тавих, давхардсан шалгалтыг бууруулах нөхцөл бүрдүүлнэ.ТАВДУГААРТ. ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХЭРЭГЦЭЭНД НИЙЦСЭН ЗОХИЦУУЛАЛТЫГ БҮРДҮҮЛЖ БАЙНА.Олон улс, бүс нутаг, гадаад улсын стандартыг хэрэглэх нөхцөлийг тодорхойлж, тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх замаар давхардсан баталгаажуулалт, худалдааны техникийн саад тотгорыг бууруулахыг зорьж байна. Монгол бүтээгдэхүүн чанартай байхын зэрэгцээ тэр чанараа олон улсад хүлээн зөвшөөрөгдөх арга, тогтолцоогоор нотолдог байх ёстой. ЗУРГААДУГААРТ. ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ХЯНАЛТ, ТӨРИЙН ХУДАЛДАН АВАЛТЫН ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙ БОЛГОЖ БАЙНА.Зах зээлд нийлүүлж байгаа болон улсын хилээр нэвтрүүлж байгаа бүтээгдэхүүний тохирлын баталгаанд хяналт тавих харилцааг нарийвчлан зохицуулсан. Хуулийн төслийн 32 дугаар зүйлд төрийн болон орон нутгийн хөрөнгөөр худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ тогтоосон техникийн шаардлагад нийцсэн байх үүргийг тусгасан. Төрийн худалдан авалтын үр дүнг иргэдэд хүрч байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний бодит чанар, аюулгүй байдлаар хэмжих ёстой. УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭРХЭМ ГИШҮҮД ЭЭ,Энэхүү хуулийн шинэчлэлийн үр дүнг баталсан стандарт, олгосон гэрчилгээ, хийсэн хяналт шалгалтын тоогоор бус, иргэдийн амь нас, эрүүл мэндэд учрах эрсдэл хэрхэн буурч, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар хэрхэн дээшилснээр үнэлнэ. Хуулийг хэрэгжүүлэхдээ төрийн одоо байгаа мэдээллийн дэд бүтцэд тулгуурлан цахим үйлчилгээг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын давхардлыг арилгах, төр, хувийн хэвшлийн оролцоо, нөөцийн ашиглалтыг оновчтой болгох зарчмыг баримтална.Түүнчлэн эрх зүйн зохицуулалтын уялдаа холбоог хангах зорилгоор холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хамтад нь боловсруулсан. Энэ шинэчлэлийн эцсийн зорилго бол стандартыг цаасан дээр батлах бус, амьдралд хэрэгжүүлдэг, чанар, аюулгүй байдлыг бодитоор баталгаажуулдаг, хариуцлага нь тодорхой тогтолцоог бүрдүүлэхэд оршино.Иймд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжихийг Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнээс хүсье.Анхаарал хандуулсанд баярлалаа.