ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- УИХ-ын Төсвийн байнгын хороо 2027 оны төсвийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
- Багш нарын үндсэн цалинг 2026 оны дундаж цалингаас дээгүүр болгох болон ахмадын санд цалингийн сангийн 3%-ийг хуваарилах саналыг дэмжжээ.
- Татварын хөнгөлөлт, хандив олголтын мэдээллийг цахим хуудсанд ил тод нийтлэх заалтыг баталлаа.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 3.0их наяд ₮👤 ≈ 875 900₮ / хүн
- 2их наяд ₮👤 ≈ 583 900₮ / хүн
Хуралдаан 2026.10.27-ны 14:16 цагт эхэлсэн
- 24.0тэрбум ₮👤 ≈ 7 000₮ / хүн
- цалингийн сангийн 3 хувь
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Хуралдаан 2026.10.27-ны 14:16 цагт эхэлсэн
- 30 гишүүний 22 буюу 73.3 хувь нь хүрэлцэн ирсэн
- Засгийн газар 2026.08.31-ний өдөр төсвийн төслүүдийг өргөн мэдүүлсэн
- Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.27 дахь заалтын '3'-ыг '1' болгох санал дэмжигдсэн
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хандив, дэмжлэгийг ил тод нийтлэх заалт нэмэгдсэн (76.2% дэмжлэг)
- Багшийн үндсэн цалинг 2026 оны улсын дундаж нэрлэсэн цалингаас дээгүүр тогтоох арга хэмжээг 2027 оны 1 дүгээр улиралд танилцуулах
- Төсөвт байгууллагууд цалингийн сангийн 3 хүртэл хувийг ахмадын сандаа төвлөрүүлнэ
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 27-нд нийтлэгдсэн
Ангилал: Байнгын хороо
Холбогдох гишүүд: Нанзад Наранбаатар
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.10.27/ хуралдаан 14 цаг 16 минутад, 30 гишүүний 22 буюу 73.3 хувь нь хүрэлцэн ирснээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулсан. Энэ өдрийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, М.Бадамсүрэн, Д.Батбаяр, Ж.Батжаргал, Ж.Баясгалан, Х.Болормаа, Х.Булгантуяа, Г.Ганбаатар, П.Ганзориг, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Д.Жаргалсайхан, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, П.Мөнхтулга, Н.Наранбаатар, Ч.Номин, Д.Пүрэвдаваа, Б.Түвшин, Б.Чойжилсүрэн, Д.Энхтүвшин, Д.Үүрийнтуяа нар хүрэлцэн ирэв.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хууль, тогтоолын төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.
Хууль тогтоолын төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Ганхуяг үг хэлсний дараа Ажлын хэсэг, Улсын Их Хурлын гишүүдээс хууль тогтоолын төслүүдийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуунаас Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 38.1.27 дахь заалтын “цахилгаан тээврийн хэрэгсэл” гэсний дараа “, хөгжлийн бэрхшээлтэй хүний цахилгаан тэргэнцэр” гэж нэмэх санал гаргасан. Энэ үеэр Байнгын хорооны дарга Н.Наранбаатар уг санал нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд тусгагдан, хэрэгжиж буйг тайлбарласан. Иймд дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягаас дээрх төслийн 1 дүгээр зүйлийн 38.1.27 дахь заалтын “3” гэснийг “1” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшингээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “22.9.4 дэх заалтын” гэсний өмнө “22.9 дэх хэсгийн “хэмжээнээс хэтрэхгүй байна” гэсний дараа “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хэсэгт заасан хөнгөлөлтөд хамаарсан хандив, санхүүгийн дэмжлэг тус бүрийн олгосон албан татвар төлөгч, хүлээн авагч, олгосон дүн, зориулалтыг жил бүр өөрийн цахим хуудсанд нийтэд нээлттэй байршуулна” гэж, мөн “хэсгийн” гэж нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяагаас төслийн 2 дугаар зүйлийг хасах санал тус тус гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.2 хувь нь дэмжлээ.
Түүнчлэн “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан зорилтын хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн үндсэн цалинг 2027 онд багтаан 2026 оны улсын дундаж нэрлэсэн цалингаас дээгүүр тогтоох арга хэмжээний саналыг шаардагдах санхүүжилтийн тооцоо, эх үүсвэрийн хамт боловсруулж, 2027 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах” гэсэн 7 дахь заалт, “Ахмад настны тухай хуулийн дагуу төсөвт байгууллагууд цалингийн сангийн 3 хүртэл хувийг ахмадын сандаа төвлөрүүлэн ахмадын зөвлөлийн байгууллагуудтайгаа хамтран ахмадуудаа дэмжих үйл ажиллагаанд зарцуулах” гэсэн 8 дахь хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.
Үргэлжлүүлэн уг тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Цогтбаатар нараас “Соёлын өвийг хадгалж, хамгаалж буй уламжлалт шашны байгууллагын газар ашиглалт, хамгаалалтыг дэмжих хүрээнд өвийн хадгалалт, хамгаалалтын зориулалтаар өмчилж, эзэмшиж байгаа газрыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу газрын төлбөрөөс чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хуулийн төслийг 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэсэн 5 дахь дэд заалт нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Ингээд Байнгын хороо хууль, тогтоолын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулав
Дараа нь Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслүүдийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулсан.
Монгол Улсын 2027 оны төсвийн бодлогын хүрээнд иргэдийн бодит орлого, худалдан авах чадварыг хамгаалах, цалин хөлсийг үнийн өсөлттэй уялдуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ орон сууц, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, боомт, инженерийн дэд бүтэц болон авто зам, логистикийн тулгамдсан асуудлыг үе шаттай шийдвэрлэхэд төсвийн нөөцийг төвлөрүүлнэ. Эдгээр бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ төсвийн хязгаарлагдмал нөөцийг нэн тэргүүний шаардлагатай, бодит үр өгөөжтэй арга хэмжээнд төвлөрүүлж, үр ашиг багатай зардлыг хязгаарлах, хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрийн үр дүн, өгөөжийг нэмэгдүүлэх зарчмыг баримталсан гэдгийг сайд танилцуулгадаа онцлов.
Төсвийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг эрэмбэлэн шийдвэрлэх хүрээнд дараах бодлого, арга хэмжээг 2027 оны төсвийн төсөлд тусгасан байна. Үүнд:
1. Иргэдийн бодит орлого, худалдан авах чадварыг хамгаалах;
2. Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
3. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг өргөжүүлэх;
4. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны цар хүрээ, орлогын түвшинд нийцсэн татварын зохицуулалтыг хэрэгжүүлж, бизнесийн өсөлтөд үүсэх татварын огцом ачааллыг бууруулах;
5. Төрийн өмчит хуулийн этгээдийн засаглал, хөрөнгийн ашиглалт, өгөөжийг сайжруулах;
6. Засгийн газрын өрийн бодлого, стратегийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;
7. Төсвийн хөрөнгө оруулалтыг хэрэгжилтийн явц, хэрэгцээ шаардлага, ашиглалт, хүчин чадал, нийгэм, эдийн засгийн үр өгөөжид үндэслэн эрэмбэлсэн хэмээн танилцуулгад дурдсан байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Мөн Байнгын хорооны дарга Н.Наранбаатар хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх бусад Байнгын хороодын санал, дүгнэлтийг зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт тараасныг гишүүдэд танилцуулав.
Үргэлжлүүлэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал хийлээ. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 396 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулан 23 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсныг дурдаад, Ажлын хэсэг 2026 оны 10 дугаар сарын 19-27-ны өдрүүдийн хооронд нийт таван удаа хуралдсаныг тодотгов.
Ажлын хэсэг нэгдсэн төсвийн төсөлд тооцоолол хийж ажиллан, тодорхой зарчмуудыг баримтлан асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэсэн гэж байлаа.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас хуулийн төслийг татаж авсантай холбогдуулан хуулийн төсөлд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн нэгдсэн төсвийн тооцоололд "Оюу толгой" ХХК-иас нийтдээ 3.0 их наяд төгрөгийн хэмжээтэй ногдол ашгийн орлогыг төсөвт төвлөрүүлж, үүнээс Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, мөн нийгмийн өмнө тулгамдсан суурь асуудлууд болон эрчим хүч, бусад салбарын санхүүгийн хүндрэлийг үе шаттай арилгах, хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай хөрөнгийн дутагдлыг шийдвэрлэхэд зарцуулах асуудлыг төслийн үзэл баримтлалд тусган холбогдох тооцооллыг тусгасан байсан. Гэвч Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг татан авсан тул 2027 оны төсвийн жилд "Оюу толгой" ХХК-ийн ногдол ашгаас төсөвт төвлөрүүлэхээр тооцсон 2 их наяд төгрөгийн орлогыг тэнцвэржүүлсэн орлогоос хасаж, тухайн орлогоор санхүүжүүлэхээр төсвийн төслийн үзэл баримтлалын дагуу төсөлд тусгасан ОТ код бүхий хөрөнгө оруулалтын төслүүдийг төслөөс хасах, эдгээр хөрөнгө оруулалтад тусгагдсан зарим төслүүдийг тухайн салбарт баримталсан бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолсон.
Мөн зардал нэмэгдүүлэх хүрээнд хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан авто зам, гүүр, эрчим хүч, иргэдийн орон нутагтаа ажиллах, амьдрах, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилт, хөтөлбөр, арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, улмаар "Үдийн хоол" хөтөлбөрт 6,7 дугаар ангийн сурагчдыг хамруулах хөтөлбөрийг эхлүүлэх, төрөлжсөн сургалтын орчныг бүрдүүлэх, хүүхдийн соёлын боловсролыг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй, ногоон хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт хүүхдийн суралцах орчин нөхцөлийг сайжруулах, эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, орон нутаг дахь сургуулийн дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах, эрчим хүчинд холбогдоогүй айл, өрхийг тог, цахилгаанаар холбох, магадлалын ерөнхий дүгнэлт хийгдсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг магадлангийн дүгнэлтийг үндэслэн нэмэх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн гэлээ.
Халамжийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоох болсонтой холбогдуулан халамжийн сангийн зардлыг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн 6,7 дугаар ангийн суралцагсдад “Үдийн хоол” олгох хөтөлбөрийг эхлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, соёлын үнэт өвийг хадгалах, хамгаалах санхүүжилтийг шийдвэрлэх, шүүхийн шийдвэрийн дагуу хохирсон иргэдийн нөхөн төлбөрийг олгох, ховордсон ан амьтдыг хамгаалах, хянах менежментийг сайжруулах, хууль тогтоожийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай зардлуудыг тус тус төсөвт тусгах нь зүйтэй гэж үзсэн хэмээв.
Түүнчлэн зардал бууруулах хүрээнд төсвийн төсөлд тусгагдсан урсгал зардалд дүн шинжилгээ хийж, үүнд үндэслэн Төрийн албан хаагчдын цалин хөлс, Хүүхдийн мөнгөн тэтгэмж, орон нутгийн төсөв, Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Боловсролын салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, улсын төсвөөс санхүүжих эрүүл мэнд, боловсролын байгууллагууд, гамшиг, ослоос хамгаалах, эрэн хайх, аврах ажиллагааны зардал, Засгийн газрын зээлийн үйлчилгээний хүүгийн зардал, гадаад зээл, тусламжаас санхүүжих урсгал зардал, 100 хувь өөрийн орлогоос санхүүжих зардлыг бууруулахгүй, өргөн барьсан хэмжээнд нь үлдээх, харин бусад урсгал зардлыг 6.5 хувиар тооцож бууруулах, мөн зарим урсгал зардлыг 2026 оны түвшинд тооцож бууруулах, хөрөнгө оруулалтын төслүүдийн хувьд 2027 онд дуусах төслүүдийг хөндөхгүйгээр, 2028-2029 онд шилжих төслүүдийн 2027 оны санхүүжих дүнг Зам, тээврийн салбарын төслүүдийг 20.9 хувиар, бусад салбарын төслүүдийг 10 хувиар бууруулах зарчим баримталсан гэдгийг Ж.Батжаргал гишүүн танилцуулгадаа онцолж байлаа.
Ингээд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсэг, Байнгын хороодын дэмжсэн, дэмжээгүй болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 200 гаруй саналаар нэг бүрчлэн санал хураалт явуулав. Тухайлбал, хуулийн төсөл татаж авсантай холбогдуулан хуулийн төсөлд өөрчлөлт оруулах, зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр урсгал болон хөрөнгийн зардал хооронд зохицуулалт хийх, хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний нэр өөрчлөх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтээс урсгал зардалд шилжүүлж зохицуулалт хийх агуулгатай Ажлын хэсгээс гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.
Мөн “Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын 2027 оны төсвийн тухай тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бутцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг татаж авсантай холбогдуулан Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогыг 2,000,000.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, үүнтэй уялдуулан Хуримтлалын сангийн хөрөнгө оруулалтын орлого, тус санд 2027 оны төсвийн жилд хуримтлуулах дүн, Үндэсний баялгийн сангийн нийт орлогын хэмжээг холбогдох тооцооллын дагуу өөрчлөх”, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн 5 дугаар зүйлийн "Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилтийг 24.0 тэрбум төгрөгөөр бууруулж, Эмийн үнийн хөнгөлөлтийн зардлыг 24.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх" саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.